эеш
- 1. Их хийх гээд муу хийж болохгүй
Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэж монголчууд ярьдаг. Хүнийг өөд нь татаж,
хүний дайтай хүн байлгадаг аугаа ачтан бол ажил хөдөлмөр ажээ. Ажилсаг хүн амны
хишигтэй, залхуу хүн заяа муутай байх нь жам ёсны хэрэг. Хорвоо дэлхийд амар хялбар
ажил бий бол, адармаа ээдрээтэй ажил бүр их. Амар хялбар ч бай, адармаа ээдрээтэй ч бай
аливаа ажлыг хийхдээ зөв эхлэх нь онцгой чухал. Булгийн эх нь булингартай бол адаг нь
булингартай гэдэг шиг зөв эхлээгүй ажлын төгсгөл буруу хойш харсан байх вий. “Мянга,
мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг”-ийн адил аль ч ажил сөөм сөөмөөр, алхам
алхмаар урагшилж, аяндаа дуусна. Эхлээгүй ажил дуусна гэж үгүй. Ажлыг эхлэхэд хайш
яйш, хам хум хандаж хэрхэвч болохгүй, нухацтай тунгаан бодож, долоо хэмжиж, нэг огтлох
зарчмаар анхны алхмаа хий.
Тэнгэр огторгуйд долоон бурхан од мөнхөд хамтдаа гялалзахын адил залуус та нар өөр
хоорондоо нягт холбоотой долоон зарчмыг ажил төрөлдөө чанд мөрдөн хэрэгжүүлж чадвал
амжилтын тэнгэрт од болон гялалзах нь эргэлзээгүй.
1. Хийж байгаа ажил бүхэндээ чин сэтгэлээсээ дуртай байцгаа. Хүн гагцхүү дур сонирхолтой
ажилдаа л амжилтанд хүрдэг юм. Хүмүүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн суут эрдэмтэд
судалгаа шинжилгээний ажилдаа шунан дурлаж, сэтгэл зүрхээ бүрэн зориулж байж шинжлэх
ухааны гайхамшигт нээлтээ хийсэн байдаг. Алдар цуут тамирчид их спортод шимтэн дурласаар,
халшрам хүнд дасгал сургуулилт хийж, хөлс дуслуулан махран зүтгэсээр алдрын тавцанд магнай
тэнэгэр зогсдог. Амжилтын оргилд хүрэхэд авьяас, аз хоёр тулгуур багана болж, туслан дэмнэх
нь мэдээж. Гоц гойд авьяастай хэрнээ цалин хөлс багатай ажилдаа үнэхээр дурлан, чин үнэнчээр
зүтгэсээр насаа илээдэг хүмүүс маш олон. Үүний нууц нь зүрх сэтгэлээ өгч дурласан тэрхүү
ертөнцөөсөө холдож чадахгүй, түүнгүйгээр оршин амьдрах аргагүйтэй холбоотой болов уу.
Дургүй ажилдаа зай бөглөн сууж байгаа хэн боловч үтэр түргэн зайлах нь ажиллаж байгаа болон
ажиллуулж байгаа хэн хэндээ тэвэр дүүрэн өлзийтэй. Хашин морийг хэчнээн давирч ташуурдлаа
ч цойлон давхидаггүй шиг, ажилдаа дургүй, хашин хойрго хүнийг хэчнээн шахаж, шаардлаа ч
гараас нь юм гарч, гавьтай амжилтанд хүрэхгүй нь үнэн. Өглөө ажилдаа явахдаа тамын хаалга
руу чирэгдэн зүглэж буй мэт сэтгэгдэлтэйгээр хөлөө зөөж ядан алхдаг хүнээс амжилт ололт асар
хол оршино.
2. Эрхэлсэн ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн шингээ. Сэтгэл алагтай бол ажил нь алагтай. Хийж
байгаа бүхэндээ нэгэн сэтгэл, чин зүтгэлээр хандаж байваас чиний үлдээх зам мөр үргэлж нэр
төртэй, жигд үнэлгээтэй. Сэтгэл дутвал амжилт ямагт дутна, үнэлгээ доошилно. Цэлмэг сайхан
ухаантай төрсөн, гайхамшигт чадвартай хүн ч гэсэн ажил төрөлдөө сэтгэл зүрхээ бүрэн
шингээхгүй бол хол явж, томд хүрэхгүй, бусдаас хоцрохгүй дагаж чадах ч түрүүлнэ гэж хэзээ ч
үгүй. Хосгүй авьяастай, маш өндөр зэрэглэлийн мэргэжилтний сэтгэл нь харанхуй бол бусдад
үргэлж өөлөгдөн гологдоно. Сэтгэлийн харанхуйгаас шөнийн харанхуй хавьгүй дээр. Сэтгэл
харанхуй хүний амьдрал тас харанхуй. Сэтгэл цагаан бол үйлс цагаан. Сэтгэл нь цагаан хүмүүс
ажилдаа үнэнч, хийж байгаа бүхэндээ хариуцлагатай, түүндээ бүхий л анхаарлаа төвлөрүүлдэг
гайхалтай улс. Хийж байгаа ажилдаа санаа зөв байх хэрэгтэй. Санаа зөв бол заяа зөв. Буруу
харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй, буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй.
3. Чиглэж товлосон зорилготой байцгаа. Зорьсон бүхнээ биелүүлж чадахгүй байж магад, хамгийн
гол нь чиглэсэн зорилготой байх нь үнэхээр чухал. Өмнөө тавьсан зорилгогүй хүн ёроолгүй
далайд сэлүүргүй завьтай яваа хөөрхийлөлтэй нэгэнтэй эгээ адил. Зорилго, өнөө маргаашаа
- 2. аргацааж, бор хоног, шар өдрийг өнгөрөөх төдий байж болохгүй, алс хэтийг харж, асар томд
зорьсон байхаар төлөвлө. Зорилгодоо хүрэх омог бадрангуй мөрөөдөлтэй байвал сайн. Хэрэв
зорилгодоо хүрэх тухай мөрөөдөж чадахгүй бол зорилго биелэх тавилангүй. Бүх ажил төрлөө ид
бахтай хийдэг, гаргууд хүмүүсийн бүлэгт зүй ёсоор хамрагдах хүн ч чиглэсэн зорилгогүй байваас
заяа тавилан нь төөрч, хайран сайхан чадвар нь асаж байгаа лаа шиг багасан хорогдсоор бөхнө.
Хараа хүрэх газраа урагшаа хар, хараа хүрэхгүйгээ бодол ухаандаа төсөөлөн хар. Урагшаа
хардаггүй хүн ард нь хоцорно. Ихийг хийж бүтээхээр зорь. Харин их хийх гээд муу бүү
хийгээрэй. Муу хийснээс хийхгүй байх нь хавьгүй дээр.
4. Зангарагатай, цараатай бодож сэтгэ. Жижиг тугалын бэлчээрийн энгээр сэтгэж суугаа хүн тэр
л хэмжээний ажил үйлийг гүйцэтгэхээс хэтрэхгүй. Алсыг харж, томыг зорьсон хүн цараа хүрээ
өргөн, зангарагатай сэтгэх учиртай. Амжилт олсон хүмүүсийн угтан харах, ургуулан бодох
чадвар гоц сайн хөгжсөн байдаг. Тоо томшгүй олон мэдээллээс хэрэгтэйг нь сорчлон сонгож, гол
зүйлд анхаарлаа төвлөрүүлэн, тал талаас нь задлан шинжилж, шаардлагатай шийдвэрийг шуурхай
гаргах ховорхон чадвартай байх нь зангарагатай хүмүүсийн нийтлэг шинж. Цар хүрээ томтой
ажлын талаар шийдвэр гаргахдаа мэдэхгүй буюу эргэлзсэн зүйлээ бусдаас асуухаас битгий ичиж
зов. Нэн эгзэгтэй асуудал дээр мэргэжилтний зөвлөлгөө туслалцаа авахаас цааргалах хэрэггүй.
Хэн ч байсан бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч байх боломжгүй. Бусдын туслалцаагүйгээр улаан
нүүрээрээ учирч, улаан гараараа үзэлцэж болох л доо. Гэхдээ энэ нь эмчийн зааваргүй, хар
таамгаар эм уухтай л адил гэдгийг бодоорой.
5. Хурдтай бай. Уралдаж яваа хүмүүсийн аль хурдан гүйсэн нь барианы зурхайд түрүүлж
хүрдэгийн адил аль хурдтай ажиллаж байгаа нь амжилтын барианд түрүүлж орно. Маш сайхан
зүйлийг хийж гүйцээлгүй балласан тэнэгүүд хурд дутаж алгуурласнаас болсон байхад маш
муухай зүйлийг сайхан болгон цэцэглүүлсэн суутнууд хурдтай байсны хүчинд тэр бүхнээ хийж
чадснаа нүүр бардам дурссан нь бий. Хурдаа саахгүйгээр ямагт урагш тэмүүлэгч саарахгүй
хүчтэн мөрөөдлөө гүйцээж, зорьсондоо хүрэх заяатай. Амжилтанд хүрч чадсан бүтээлч
хүмүүсийг бусдаас ялгаруулан товойлгох зүйл нь хурдтай ажиллах чадвар. Хэн хүнд тэр бүр
заяадаггүй гүйлгүү ухаан хурдтай ажиллахад өгөөмөр туслагч. Ажил хэргийн мэдрэмж бусдаас
илүү итгэж болох, цаг ямагт чамд туслахад бэлэн хамгийн ойрын зөвлөгч.
6. Бэрхшээлийн өмнө хэзээ ч бүү сөгд. Жижиг ажил жижиг бэрхшээлтэй тулна, том ажил том
бэрхшээлтэй тулгарна. Саад бэрхшээлгүй бүтэх ажил өдрийн од мэт ховор. Том ажлын ард гарна
гэдэг үүрэхэд бэрх хүнд ачаа. Гэвч шантрахгүйгээр шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд түүнийг
ихэд хөнгөвчлөх боломжтой. Бэрхшээл өвдөг дээр чинь сөхрүүлэхийн тулд биш, даван гарахын
тулд замд чинь саад болон тээглэдэг гэдгийг мэд. Давж, тойрох аргагүй зузаан хана өмнө чинь
хөндөлслөө ч гэсэн түүнийг цөм цохиод цаана нь гарахад бэлэн бай. Шантарч халирахгүй өөдрөг
үзэл бодолтой байх нь бэрхшээлийг давах сэтгэл зүйн их хүч. Бэрхийн өмнө нэг л удаа сөгдвөл
дадал болон тогтож, дасал болон хэвшинэ гэдгийг ухаар. Бэрхшээлийг сөрөх сэтгэлийн
тэнхээтэй байхын зэрэгцээ нийтэд тогтсон санаа бодлыг сөрөхөөс айж эмээхгүй байхыг эрхэмлэ.
Бусдыг хуулбарлан, сармагчин адил даган дуурайх бус, өөрийн гэсэн дүр төрхтэй байх нь хүний
хорвоод маш чухал гэдэгт чин сэтгэлээсээ итгэ. Бэрхшээлийг даван туулж чадаж байгаа
чадавхиараа гойд бахарха. Энэ бол чамд тэнгэр бурхнаас хайрласан үнэхээр ховор, онцгой чанар.
7. Хийсэн ажлаа эргэж шалга. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Дуусгасан ажлаа сайн,
муу ямар болсныг нь сайтар хянан шалга. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэ. Алдаанаасаа